Унгарын нийслэл Будапешт хотод төвтэй Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк (IIB) Монголын “Талын Метал Нунтаг” ХХК-ийн шинэ төслийг дэмжиж, найман сая еврогийн зээлийн гэрээ байгуулж, зээлийн эхний санхүүжилтийг энэ сарын эхээр олголоо.

Их Британи болон Германы хамгийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй “Талын Метал Нунтаг” ХХК нь зэс болон зэсийн хайлшны нунтаг үйлдвэрлэх үйлдвэрээ 2020 оны эцсээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээр эх орондоо нэмүү өртөг шингээсэн өндөр технологийн хагас боловсруулсан металл үйлдвэрлэж эхлэх ба Монгол Улсын үйлдвэржилт нэг шат ахих юм.

Тус компани нь бүтээгдэхүүнээ Европын Холбоо, БНХАУ, Япон, БНСУ, БНЭУ зэрэг металл нунтгийн өндөр эрэлттэй орнууд руу бүтээгдэхүүнээ экспортлох аж. Нунтгийн металлургийн салбар нь автомашин, сансар, очир эрдэнэсийн багаж, электрон бараа зэрэг төрөл бүрийн хэрэглээнд тохирох онцгой шинж чанар бүхий, өндөр нарийвчлалтай бүтээгдэхүүн, материалыг үйлдвэрлэдэг байна. “Талын Метал Нунтаг” ХХК нь Лондоны метал биржийн гишүүнээр элссэн Монголын анхны компани, үндэсний тэргүүлэгч катодын зэс үйлдвэрлэгч “Ачит Ихт” ХХК-тай хамтран ажиллах юм.

Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банкны ТУЗ-ийн Зээл, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч дарга Георгий Потапов “КОВИД-19 цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засгийн байдал ороо бусгаа байгаа ч Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк гишүүн орнуудаа идэвхтэй дэмжсээр байгаа.

Төсөл хэрэгжсэнээр шууд болон шууд бус ажлын байр бий болж, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн металл боловсруулах үйлдвэр Монголд бий болно. Энэ нь тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах манай банкны хүчин чармайлтад чухал ач холбогдолтой юм” хэмээн онцлон хэлсэн байна.