Монголын анхны нунтаг төмөрлөгийн компани “Талын метал нунтаг” ШУТИС, БНСУ-ын их сургуультай хамтарна
БНСУ-ын Конгжү үндэсний их сургуулийн Чонан кампус дахь Инженерийн сургуульд тус сургуулийн Дэвшилтэт нунтаг материал, сэлбэгийн судалгаа, хөгжүүлэлтийн төв (CAMP2), Монгол Улсын ШУТИС, Талын Метал Нунтаг (Steppe Metal Powder) компаниуд 2023 оны 3-р сарын 29-нд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Гарын үсэг зурах ёслолд БСШУ-ны сайд асан, Талын Метал Нунтаг ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан, CAMP2 төвийн захирал, доктор Хун Сүн Жиг, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-д хэрэгжиж байгаа “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтнийг бэхжүүлэх төсөл”-ийн менежер, доктор Сунь Мүн, Талын Метал Нунтаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Асхар нар оролцов.
Тус санамж бичгийн хүрээнд талууд дэвшилтэт нунтаг материал, түүнд суурилсан сэлбэг, эд ангийн чиглэлээр хамтарсан судалгаа, хөгжүүлэлт хийх, үйлдвэрлэл бий болгохыг нэн тэргүүнд тавин ажиллах юм.
Энэ санамж бичгийн үр дүнд БНСУ болон Монгол Улсын хооронд нунтаг төмөрлөгийн чиглэлээр дэвшилтэт технологи, төхөөрөмж, хүний нөөц, материал зэрэг олон төрлийн солилцоо явагдах бөгөөд үүнийг тэсэн ядан хүлээж байна гэж Конгжү үндэсний их сургуулийн CAMP2 төвийн захирал, профессор Хун Сүн Жиг дурдсан юм. Түүнчлэн Талын Метал Нунтаг ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан (Ph.D) хэлэхдээ эрдмийн уурхай болсон Монгол, Солонгосын их сургуулиуд хувийн хэвшилтэй хамтран ажиллаж эхэлж байгаа нь Монгол Улсын үйлдвэржилтийн төрөл, түвшинг ахиулах шинэ боломж бүрдүүлж байна гэв.
Хоёр их сургуулийн судалгаа, шинжилгээний ажлын чиглэлийг Монголд байгуулагдсан нунтаг металлын үйлдвэрээс боловсруулан гарч буй бүтээгдэхүүний чанарыг дэлхийд өрсөлдөх чадвартай болгон хөгжүүлэхэд хандуулах болсон нь их сургууль аж үйлдвэрийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад томоохон түлхэц болж буйг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сар гаруйн өмнө БНСУ-д айлчилж хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцээ хийсэн. Энэ ч утгаараа БНСУ-ын их сургууль, байгууллагууд хамтын ажиллагаа хөгжүүлэх тал дээр нааштай, сонирхолтой байгаа нь мэдрэгдлээ гэж Талын Метал Нунтаг ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Асхар хэлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ компанийн хувьд гадаад зах зээлд өрсөлдөхөд сорилт багагүй тулгарч буй энэ үед БНСУ-ын материал судлалын хамгийн шилдэг их сургуультай хамтран ажиллах болж байгаадаа баяртай байна гэв.
Санамж бичиг байгуулсны дараах өдөр Конгжү үндэсний их сургуулийн ректор, доктор Вон Сон Сү, Инженерийн сургуулийн декан, доктор Кьюм-чул Ян нар Монгол Улсаас ирсэн ШУТИС, бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзсан бөгөөд талуудын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.