Компанийн мэдээ
2025-01-20

Монгол Улс Европын өндөр технологийн анхны нунтаг металлын үйлдвэрээ байгууллаа.

Монгол Улс Европын өндөр технологийн анхны нунтаг металлын үйлдвэрээ байгууллаа.

Монгол Улс Европын өндөр технологийн анхны нунтаг металл үйлдвэрлэх үйлдвэрээ байгууллаа. Тус үйлдвэр нь жилдээ 3,000 тонн зэс, гууль, хүрэл, цагаан тугалга болон бусад нунтаг металлыг үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Үйлдвэрийг “Талын Метал Нунтаг” ХХК Монголын инженер, техникийн ажилтнууд болон Германы мэргэжилтнүүдтэй хамтран байгуулжээ.

Нунтаг металлургийн энэхүү үйлдвэр нь нунтаг металл өндөр хэрэгцээтэй Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг болон Европын Холбооны улс орнууд руу бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөж байна.

Үйлдвэрийн Технологийн менежер М.Чинбаяр хэлэхдээ, тус үйлдвэр нь ямар ч салбарт ашиглагдах дэвшилтэт технологитой бөгөөд атомжуулалтын технологиор бүх төрлийн металлыг нунтаглах боломжтой гэв.

Гүйцэтгэх захирал Аскар Бакей үйлдвэрийн үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд одоогоор ложистикийн түр зуурын хүндрэлтэй тулгарч байгааг онцоллоо.

Тэрээр нунтаг металлурги болон 3D хэвлэх технологийн тусламжтайгаар нунтаг металлыг автомашин болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн өндөр нарийвчлалтай эд анги үйлдвэрлэхэд ашиглаж болохыг дурдсан юм.

“Талын Метал Нунтаг” үйлдвэр ашиглалтад орсноосоо хойш Монголд автомашины эд анги, ялангуяа тоормосны наклад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой компаниудтай хамтран ажиллаж эхэлсэн талаар Гүйцэтгэх захирал Аскар Бакей хэлэв.

Түүнчлэн олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч байгаа бөгөөд түүхий эд болгон Лондонгийн Металлын Биржийн (LME) Grade A ангиллын зэсийн катод ашиглаж байгааг онцоллоо.

“Бид халуун изостатик шахалт (HIP), металл шахмал хэвлэл (MIM), нэмэлт үйлдвэрлэл (additive manufacturing) зэрэг орчин үеийн металлургийн олон процессийг Монголд хөгжүүлэх суурийг тавьсан гэж үзэж байна” хэмээн тэрээр нэмж хэлжээ.